Зээ манай улсад 21 мянган гадаадын иргэн ажил эрхэлж байгаа ажээ. Энэ тоо жилийн өмнөхөөсөө 34.6% нэмэгдсэн байна.
🔍 Хэн, хаанаас ирэв ээ?
Тодруулбал, өнгөрсөн улирлын байдлаар 103 улсын иргэд Монголд хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилгоор болон сайн дурын ажил эрхэлж байгаа. Гэхдээ тэдний 70.3% нь Хятадаас ирсэн буюу 10 хүн тутмын 7-г бүрдүүлж байгаа хэрэг. Үүний араас Энэтхэгээс ирсэн иргэд 10.8%-ийг, үлдсэн хэсгийг бусад улсаас ирсэн иргэд бүрдүүлж буй.
- 🧐 Ямар хүмүүс юм бэ? Ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 92.1% нь эрэгтэй бөгөөд дийлэнх нь 35-39 насныхан. Боловсролын хувьд 36.9% нь техникийн болон мэргэжлийн, 23% нь бакалаврын болон дипломын дээд, 22.2% нь бүрэн дунд зэрэг байдлаар боловсрол эзэмшсэн байна.
- 🔖 Хаана юу хийж байна? Тэдний ажил эрхэлж байгаа салбарыг харвал 22.4% нь уул уурхайн салбарт, 20.9% нь боловсруулах үйлдвэрт, 19.1% нь барилга дээр ажиллаж байгаа бол үлдсэн хэсэг нь худалдаа, засвар үйлчилгээ, боловсрол зэрэг салбаруудад хөдөлмөр эрхэлж буй. Мөн олон улсын байгууллагын суурин төлөөлөгчид ч дээрх 21 мянгад багтсан билээ.
- 📌 Хаана олширч байна? Сүүлийн 1 жилийн хугацаанд гадаад иргэдийн ажил эрхлэлт 34.6% нэмэгдсэн гэсэн дээ? Тэгвэл тэдний нэмэгдэлт боловсруулах үйлдвэрийн салбарт хамгийн ихээр нэмэгдсэн аж. Сонирхолтой нь Непалаас Монголыг зоригсод сүүлийн 1 жилд 38.6 дахин нэмэгдсэн бол Туркээс ирэгсдийн тоо хамгийн ихээр буюу 40.7% буурчээ.
🇲🇳 Гадаадыг зорьсоор
Монголоос ч гэсэн хөдөлмөр эрхлэх зорилгоор гадаадыг зоригсод бий. Зөвхөн өнгөрсөн улиралд л гэхэд 225 иргэн тус зорилгоор гадаад улсыг зорьсон аж. 2022 оны II улирлаас хойш улирал бүр дунджаар 236 иргэн албан ёсоор гадаадад хөдөлмөр эрхлэхээр явсан гэхээр 10 жилд 9.4 мянган хүн явах нь. Дийлэнх нь Өмнөд Солонгос болон Япон руу явжээ. Нэмээд сурахаар явсан хараар үлдсэн гээд өчнөөн хүмүүс бий. Хэд нь буцаж ирэх бол доо?
Source: Lemon Press

